“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Улаанбаатар Метро” төслийн зөвлөх үйлчилгээний багтай уулзаж, төслийн явц болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа Инженеринг” ХК тэргүүлсэн консорциум хариуцан гүйцэтгэж буй бөгөөд төслийн дэд бүтцийн зураг төслийн ажлыг “Сүүсонг Инженеринг”, төслийн менежмент болон зохион байгуулалтыг улсын өмчит “KORAIL” корпораци, метроны дохиолол холбооны ажлыг “Korea National Railway” тус тус хариуцан гүйцэтгэж байна.
Зураг төслийн багийн ахлагч Мүнь Иг Сү “Консорциумын үйл ажиллагаа нь зөвхөн зураг төсөл боловсруулах ажилд төвлөрөхөөс гадна Монгол Улсад метроны чиглэлээр мэдлэг, туршлага нутагшуулах, дотоодын инженер, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч байгаа. Мөн Сүүсонг Инженеринг нь анх 2011 онд Монгол Улсад метроны техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгааг эхлүүлж байсан туршлагатай байгууллага юм” гэдгийг дурдлаа.
Мөн “Духуа инженеринг” компанийн захирал Пак Юүнь Чол УБ Метро төслийн ач холбогдол, Монгол Улсын нийтийн тээврийн хөгжилд оруулах хувь нэмрийг онцлоод, цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Томоохон төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл гарч болох ч, гардан хэрэгжүүлж буй албан хаагчид, зөвлөх багийнхан хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Уулзалтын дараа НТУГ болон төслийн багийнхан депогийн төлөвлөлтийн бүсэд газар дээр нь ажиллаж, тулгамдсан асуудал, бусад асуудлыг хэлэлцэнэ. Уг депо нь нийт 26.6 га талбайг хамрах бөгөөд 19 цуваа метроны техник үйлчилгээ, оношлогоо, засвар, зогсоол зэрэг бүхий л үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.